четверг, 21 января 2010 г.


Ариун Софийн сүм

Дундад зууны соёлын гол төв нь Визант улс байлаа. Визант улс нь Юстиниан хааны үед маш хүчирхэг гүрэн байсан төдийгүй соёл урлагаараа тэргүүлж байв. Византийн уран барилгачид сүмийн багтаамжийг нэмэгдүүлэх зорилготой урт танхимуудтай, бөмбөгөр оройтой “ базилика” хийцийн барилгыг барьж эхэлсэн. Базилика нь сунасан тэгш өнцөгт хэлбэрийн танхимтай байгууламж бөгөөд тэр нь багануудаар тусгаарлагдсан сондгой тоо бүхий нефтэй барилга юм. Базилика хийцийн барилгууд нь гадна талдаа огт чимэглэл байхгүй, харин дотор талдаа мозайкаар чимэглэгдсэн байдаг. Византийн үеийн хамгийн алдартай сүмийн тоонд Константинополь хотод баригдсан Ариун Софийн сүм орно. Уг сүмийг 532-537 оны хооронд архитектор Анфимий, Исидор нар барьжээ. Уг сүмийн барилгаар эзэн хааны сүр хүчийг бахдахын зэрэгцээ христийн сургаалыг мозайкаар чимэглэж үзүүлжээ. Сүмийн аварга том бөмбөгөр орой нь тухайн үеийнхээ уран барилгын асар том ололт байлаа. 31,5 метрийн голчтой оройг хоорондоо ойрхон байрлах нум хэлбэртэй 40 ширхэг цонхтой тойрог ханан дээр байрлуулснаар агаарт тогтсон юм шиг харагдана. Сүм нь бага зэрэг сунасан дөрвөлжин суурьтай ба гаднах гөлгөр хана нь нүсэр хүнд сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч дотор талын баялаг өнгө, чимэглэлтэй хөнгөн хээнцэр зохион байгуулалт нь ид шидийн ертөнц мэт биширмээр үзэгдэнэ. 55 метр өндөртэй, 77 метрийн урттай орон зайд саарал, ногоон, ягаан туяатай гантигаар өнгөлсөн багана, гулдан хаалга, цонх маш олон ажээ. Сүмийн дотор талыг чимэглэх үйл явцтай уялдан шашны урлагийн шинэ зарчим бүрэлдэв. Библийн сургаалд бурхан дүрслэл үндэслэгдэж, хана таазны зургуудад биелэлээ оллоо. Тэдгээрт бурхдын бие цогцос, нүүр царай, хувцас эдлэлийг нарийн чанд дүрэмтэй дүрслэх ба байрлал нь ч хатуу дэгээр хязгаарлагдана. Энэ үеийн монументаль уран зургийн гол арга ажиллагаа чулуун шигтгэмэл буюу мозайка байлаа.

1 комментарий: