четверг, 21 января 2010 г.
Ян Вермер “ Захиа уншиж буй эмэгтэй” 1657
Ян Вермер “ Захиа уншиж буй эмэгтэй” 1657
Дельфтийн зураач Ян Вермерийг хамгийн уянгын зураач хэмээн урлагийн түүхэнд тэмдэглэсэн бий. Тэрээр өдөр тутмын амьдралын элдэв тохиолдлоос сэдэвлэн авч зурахдаа натюрморттой хамтатган зохиомжилж, эд юмсын шинж байдлыг бодит юм шиг харагдахаар дүрсэлсэн байдаг. “ Захиа уншиж буй эмэгтэй” бүтээлдээ тасалгааны ханыг дүүрэн оруулж, цайвар саарал өнгөөр бичжээ. Цонхны хүрээний гүн хөхөмдөг өнгө, түүнд өлгөсөн улаан хөшиг, цайвар ногоон халхавч, цэнхэр, улаан цайвар, шар толбуудтай ширээний бүтээлэг, эмэгтэйн өмссөн цагаан захтай хар судалтай шар даашинз зэрэг нь өнгийн найрамжийн ер бусын шийдэл болсон байна.
Перу- Мачу-Пикчу хот
Перу- Мачу-Пикчу хот
Исламын уран барилга-Куббат –ас-Сахра /687-691. Иерусалим/
Исламын уран барилга-Куббат –ас-Сахра /687-691. Иерусалим/
Омар халифийн засаглалын үед Мориа ариун уулан дээр босгосон Куббат ас-Сахра нь сүр хүчээрээ мусульманы ертөнцөд гуравдугаарт бичигддэг. Мухаммад нь Аллахын элч төлөөөлөгч болохоор Мекка-гаас Иерусалим руу гэнэт шөнийн аялал хийсэн үйл явдалтай холбоотой боссон энэ сүмийг мусульманчууд исламын ялалт хэмээн үздэг бөгөөд өдөрт 5 удаа мөргөх ёстой гэж үздэг байна. Үнэхээр ч энэхүү сүрлэг байгууламж нь хотыг ноёлох мэт харагддаг. Х зууны түүхч Аль-Мукаддасын хэлснээр энэхүү байгууламж түүнтэй зэрэгцэн байсан Христийн сүмийг хаах зорилготой байжээ. Сүмийн алтлаг цэнхэр гадаргуу нь ирсэн гийчдэд огторгуйд зорчсон мэт сэтгэгдлийг төрүүлдэг хэмээн сүсэгтнүүд биширдэг. Мусульманчууд Куббат ас-Сахраг исламын ялалт хэмээн үздэг байна. Үнэхээр ч энэхүү сүрлэг байгууламж нь хотыг ноёлох мэт. Барилгын өндрийн талтай тэнцэх алтан шаргал бөмбөгөр орой нь найман талт байгууламж дээр сүндэрлэх ба дотор талдаа багануудаартусгаарлагдаж хоёр давхар тойрог хонгил гудамтай аж. Уг байгууламжийн дорх агуйг жижиг сүм болгон хувиргасан байдаг. Бөмбөгөр оройн өндөр / 20 метр / нь хөндлөн голчтойгоо тэнцүү байгаа нь бөх бат чанар, зөв харьцааг илтгэнэ. Барилгын дотоод чимэглэл гайхалтай сайхан. Түүний ханыг хээ угалзтай гантигаар өнгөлж, багануудын оройг алтаджээ. Цонх, нуман хаалганы оройг ногоон, цэнхэр, тана, гүн улаан, алтлаг өнгийн чулуугаар шигтгэн урласан ба бөмбөгөр оройг 1022 онд шинэчилж, дотор талыг алтлаг хээ угалзаар чимсэн байна.
Колизей
Колизей
Колизей нэр нь латин хэлний "colossus" буюу "асар том" гэсэн үгнээс бий болжээ. Эртний ромын уран барилгын дурсгалуудын нэг Колизей хэмээх цэнгэлдэх хүрээлэн нь инженерийн болоод уран сайхны шийдлээрээ гайхуулдаг. Энэхүү зайван дугуй байгууламж нь тавин мянган үзэгчийг 4 үеэр суулгах багтаамжтай ба дотоод зохион байгуулалт нь асар том аягыг санагдуулна. Барилгын 48,5 метр өндөр ханыг 3 эгнээ нуман хаалгуудаар эргэн тойрон чимж, өргөн бүслүүрээр төгсгөсөн нь дөрвөн давхар барилга мэт харагдана. Эдгээрээс үзэгчдийн гарч ороход зориулагдсан 1-р давхарын нуман хаалгуудыг дори ордерын баганаар, 2 ба 3-р давхруудыг ионы ба коринф ордерын багануудаар тус тус чимэглэсэн ба тэдгээрийн нуман оройт цонхнуудад гадна төрх байдлаараа хүний хатан зоригийг илтгэсэн цагаан гантигаар урласан баримлууд тавьжээ. Коллизей гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх байрууд байна. Театрын гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирээд тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалд сууна. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ. Театр дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олс татаж театрыг бүрхдэг байжээ. Колизейн задгай театрын тайзыг өргөж буулгадаг шалыг модоор хийж дээр нь элс асгажээ. Заримдаа хоолойгоор татсан усаар тайзыг дүүргэж далай, тэнгисийн гүнд хөлөг онгоцуудын хооронд болж байгааг байлдааныг дүрслэн харуулдаг байжээ. Ромын эзэнт гүрнийг унасны дараа Колизейн задгай театр аажимдаа мөн сүйрчээ. Дундад зууны үед феодал эзний шилтгээн болгон ашиглаж христос шашны баяр ёслол хийдэг байв. XIII зууны үед чулуу бэлтгэх газар болон хувиргаж эд зүйлсийг нь 23 нэртэй язгууртан айлын байшин, ХIҮ-ХҮ зууны үед 6 сүм, 1495 онд Ромын хамба ламын Өргөө, ХҮI зууны үед гүүрүүд, 1704 онд усан боомт барихад ашиглажээ. Тэрхүү асар том барилга байгууламжийн туурин дээр өнөөдөр задгай хүрээ театрын араг яс нь л үлджээ.
Мексика Чичен – Ица хот
Мексика Чичен – Ица хот
Чичен-Ица нь Испанийн эзэнт гүрэн байгуулагдахаас өмнө баригдсан бөгөөд Мексикт байдаг юм. Энэ нь индианчуудын майя омгийнхны хувьд ариун газар гэгддэг аж. Чичен-Ицад майя омгийн өвөг дээдэс манай ертөнцийн тухай төсөөллөө дүрслэн үлдээсэн юм байна. Энд одоогоос хэдэн мянган жилийн өмнө баригдсан Дайчдын сүм зэрэг нилээд хэдэн барилга байдаг. Эртний майячуудын соёлын төв болсон Чичен-Ицагийн гол барилга нь Кукульканы пирамид мөн. Энэ нь орчуулбал, “ нисдэг могой”. Пирамид нь 24 м өндөртэй, түүний хамгийн дээд хэсэгт сүм оршино. Пирамидын доод суурь нь 55,5 м талтай. Пирамид нь 9 үетэй, 4 талаас нь өргөн шаттай, шат болгон нь 91 гишгүүртэй. Пирамидын хойд талын шатны доод хэсэгт могойны толгой байх ба энэ нь кукулькан бурханы бэлэгдэл болдог. Хавар, намрын өдөр шөнө тэнцэх үед маш ховор үзэгдэл болдог байна. Шатаар могойны хөдлөж байгаа дүрс гардаг ба энэ нь 3 цаг 22 минут үргэлжилдэг ба хавар, намар болж байгааг илтгэнэ.
Иордани –Петрийн хот
Иордани –Петрийн хот
Петра нь Иорданийн түүхэн дурсгалт газар бөгөөд Юнескогийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон. Уулын орой дээр байрлах энэ хотыг Ягаан хот ч гэж нэрлэдэг. Набатей хэмээх нүүдэлчин омгийнхон мэө VII зуунд түүнийг барьжээ. Орчин үед Петра хот нь арабуудын дунд “Моисейн хөндий” гэдэг нэрээрээ алдартай. Энэ газар нь байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд маш нарийн хавцлуудын дунд орших тул гадны хүмүүс бараг олж чаддаггүй. Мэ I зууны үеэс Ромчууд набатейчүүдийг өөрийн хараат болгосон нь уран барилгад нь нөлөөлсөн.
IV зуунаас Петра Византын хэсэг болсон. Газар хөдлөлт их болж байсан тул хотоос хүмүүс гарч явсан гэж үздэг. Хамгийн сүүлчийн барилга нь XII зуунд баригджээ. Улаан чулуугаар хийсэн сүм бунхан, агуйд хүмүүс амьдарч байв. Эндэхийн хаднууд нь олон янзын өнгөтэй ягаан, хөх, шар өнгөөр алаглах ба эндэхийн бүх сүм, ордон, бунхан хад чулуугаар хийсэн байдаг. Заримдаа хадыг бага зэрэг ухаад гаднаасаа харахад барилгын үүд юм шиг мөртлөө дотроо зайгүй байдаг юм. Хот маань зөвхөн тайз чимэглэл юм шиг харагдана. Фасад нь ромын барилгуудыг санагдуулдаг. Петрийн хамгийн алдартай барилга нь Эль Касне, фасад нь классический /сонгодог/ хэлбэртэй байдаг.
Христийн хөшөө /Бразил/
Христийн хөшөө /Бразил/
Бразилийн Рио-де-Жанейр хотын бэлэг тэмдэг болсон Христийн аврага том хөшөө нь 2007 онд ертөнцийн 7 гайхамшгийн нэгээр бүртгэгдсэн билээ.
Хөшөө нь Корковадын толгодын орой дээр 704 метр өндөрт оршино. Хөшөөний өндөр нь 30 метр. / суурь нь орохгүй / 1922 онд Бразилийн эрх чөлөөгөө олсны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд улс үндэснийхээ бэлэг тэмдэг болж чадах тийм хөшөө дурсгалын уралдаан зарласан байна. Энэ уралдаанд Эктор да Силва Коста гэдэг барималчны алдалсан гараараа хотыг тэвэрч байгаа гэсэн санааг гаргасан Христийн баримал түрүүлсэн юм. Уг баримал үнэхээр том хэмжээтэй юм:
баримлын толгой 35,6 тн, Гарын алга 9 тн, Алдалсан гар нь 23 метр гм
1931 оны 10-р сарын 12 өдөр Коркодавын толгодын орой дээр уг бүтээлээ байрлуулж нээлтээ хийжээ. 1985 оноос бараг уулын орой хүртэл трамвай явдаг болсон бөгөөд зогсоолоос 220 шат өгсөөд хөшөөний сууринд хүрдэг байна. Энд алсыг харах талбай байрлана.
К.Брюллов “Помпейн сүүлчийн өдөр
К.Брюллов “Помпейн сүүлчийн өдөр
К.Брюллов “Помпейн сүүлчийн өдөр” гэдэг Европ даяар шуугиулсан гайхамшигт бүтээлээ туурвисан. Энэ том хэмжээний зургаараа хүн төрөлхтөний түүхэнд тохиолдсон байгалийн аймшигт үзэгдлээр дамжуулан хүний дотоод сэтгэхүйд гарч байгаа хямралыг харуулсан байна.1833 оны дундуур К.Брюллов Итали дахь урландаа “Помпейн сүүлчийн өдөр “ гэдэг зургаа нийтэд дэлгэн үзүүлж, намар нь Милан хотод, харин 1834 онд Парист, 7-р сард Петербургийн Эрмитажид зургаа үзүүлж маш их амжилт олсон юм. Зургийн сэдвийг эртний Ром улсын түүхээс авсан. Помпей бол Везуви гэдэг галт уулын бэлд оршдог томоохон хотын нэг байв. Мэ 79 оны 8-р сарын 24 нд шөнө Везувийн галт уул хүчтэй оргилж Помпей хотын (30,000 хүн амтай байв) оршин суугчид сандран дүрвэх үед 2000 хүн хотынхоо хамт үнс чандруунд бүр мөсөн дарагдсан билээ. Энэ хот 1500 жил газар дор байж бараг мартагдсан байлаа. 16-р зууны сүүлчээр газар шорооны ажлын үеэр хотыг илрүүлсэн байна. 1787 онд хотыг илрүүлэн гаргах эртний судлалын малтлага хийгдэж эхэлсэн. Энэ ажил 19-р зуны дунд үе хүртэл үргэлжлэн хийгджээ. Малтлагаар гарсан баялаг материал нь энэ гунигт үйл явдлын баримт болж Итали ба нийт Европчуудын сонирхлыг ихэд татлаа. Брюллов 1827 эхлэн 6 жил гаруй түүхэн материалтай танилцаж, маш олон судалбар хийж, биет зүйл ч цуглуулж чадлаа. Алс өнгөрсөн түүхээс сэдвээ авсан боловч, тэр гамшгийг амссан хүмүүсийн дүр, байгалийн үзэгдлийн сүр хүчийг итгэж үнэмштэл зурагтаа харуулж чадсан байдаг. Хамгийн гол нь сүйрэлд нэрвэгдсэн тэрхэн мөчид хүмүүсийн санаа сэтгэл зан төлвийн янз бүрийн хувирлыг чадамгай гаргаснаар зураачийн онцгой чадвар илэрч байна. Энэ зурганд романтизм, классицизмын элементүүд харагдаж байдаг.
Энэтхэг Таж Махал сүм
Энэтхэг Таж Махал сүм
Шах-Жаханы /1627-1658/ ноёрхолын үед уран барилгачид Моголын хаант улсын өвөрмөц хэв маягийг бий болгожээ. Энэ үеийн уран барилгын алдарт дурсгал бол Агра дахь Таж Махалын бунхан сүм юм. Шах-Жахан өөрийн хайртай эхнэр Мумтаз-Махалынхаа гэгээн дурсгалд зориулан байгуулсан билээ. Тухайн үед Энэтхэгт байсан бүх бунхныг сүрлэг хэмжээ, чамин тансагаараа давсан таван бөмбөгөр оройтой бунханг 1630-1652 онуудад босгожээ. Таж-Махалын бунханы өндөр нь бөмбөгөр оройг оролцуулан 74 метр өндөр ажээ. Уг байгууламжийг газраас тусгаарласан хавтан дээр цагаан гантигаар барьсан ба тэгш өнцөгт энэ барилгын ханыг гүн ухмал хаалга, цонхнуудаар чимжээ. / Суурийн тал бүр нь 95 метр / Суурийн тавцангийн дөрвөн өнцөгт тэнгэр лүү цойлох цамхгууд байрлуулсан нь лалын шашны сүмийн байгууламжийг санагдуулна. Энэхүү гайхамшигт байгууламжийг барихад хорин мянга орчим хүн оролцжээ.Таж-Махалын төслийг боловсруулахад Агра хотын уран барилгач Устад-Иса тэргүүлсэн Энэтхэг болон Дорнын бусад орны шилдэг уран барилгачид оролцсон гэж үздэг юм. Мавзолейн эргэн тойронд гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн байгуулж голд нь худаг гаргаж гадна дотор талыг нь гантигаар өнгөлжээ. Усан оргилуур бүхий услалтын сувгийн дагуу агар мод тарьж ургуулжээ.
Пизагийн цамхаг
Пизагийн цамхаг
Италийн Тоскан мужийн Пиза хотын хазгай цамхаг нь дэлхий дээрх цамхагуудаас хамгийн алдартай нь билээ. Уг хонхот цамхаг нь италийн роман хийцийн барилга бөгөөд античный /эртний/ сонгодог уран барилгын элементийг өөртөө агуулсан байдаг. Цамхаг нь дэргэдээ орших сүмийн цогцолборт зориулсан хонхот цамхаг юм.
Барилгын суурийг анх 1173 оны 8-р сарын 9 өдөр тавьсан ба түүнээс хойш 10 жилийн дараа нийт 7 давхрынх нь гурвыг буюу 25 метр барьчихаад байх үед цамхагт 10 см хазайлт үүссэнийг илрүүлсэн бөгөөд энэ нь цааш ахих тусам улам бүр тодорхой болсон байна. Барилга өндөрсөх тусам зүүн урагшаа хазайсаар байлаа. Үүнээс шалтгаалан барилгын ажил бүтэн зуун жилээр зогсоход хүрсэн юм. Хазгай байдлыг хэвээр үлдээхийн тулд дараагийн дөрвөн давхрыг гүйцээж барьжээ. Үүний дараагаар барилгын ажил бас л зогсоход хүрч эцэст нь 1372 онд хамгийн сүүлчийн давхар болох хонх байрлах давхрыг гүйцээхдээ тэгш байдалтай босгосон байна. 54 метр өндөртэй энэхүү цамхаг нь 7 хонхтой ба барилгыг нурахаас болгоомжлон удаан хугацааны туршид хонхыг нь дуугаргаагүй гэдэг. Цамхагийн хазайлт нь барилгын сууринаас шалтгаалсан бөгөөд газрын хөрс нь хэт элсэрхэг байсан нь хазайх шалтгаан болсон гэж хамгийн сүүлийн үеийн малтлагаар судлаачид дүгнэсэн байна. Цамхагийн хазайлт улам бүр аюултай болж байгаа тул 1990 оны 1-р сарын 7 өдрөөс 14500 тн жинтэй цамхагийг үзэгчдэд ойроос үзүүлэхгүй байх шийдвэрийг Итали улс гаргасан байна. Үүнээс хойш 12 жилийн турш засварлаж барьсны эцэст цамхаг 44 см-ээр “тэгширсэн” ба 2001-оны 12-р сарын 15 өдрөөс жуулчдад дахин үзүүлэх болсон байна.
Андрей Рублев “Ариун гурвал” / 15-р зууны эхэн үе. Москва /
Андрей Рублев “Ариун гурвал” / 15-р зууны эхэн үе. Москва /
Москвагийн авьяаслаг зураач А.Рублевт оросын олон сүм хийд захиалга өгсөн явдал зураачийг сүмийн ханын болон бурхан зургийн салбарт амжилт гаргахад нөлөөлсөн байна. Түүний “Ариун гурвал” бурхан зураг шашны сэдвийг энгийн ахуй мэтээр дүрсэлснээрээ бурхан зургийн цоо шинэ нээлт болсон юм. Уг зохиомжинд Авраам, Сарра нар даянчдыг хүлээн авч дайлсан нь бурхан-эцэг, бурхан-хүү, бурхан-сүнс байсан тухай түүх намтраас өгүүлнэ. Ширээ тойрон чимээгүй ярилцах эцэг, хүү, ариун сүнс 3 өөр өөрийн өвөрмөц дүр төрхтэй ч сэтгэл санаа, зорилгоороо нэгдсэн харагдана. Үүнийг бурхдын харц болон гар биеийн хөдөлгөөнөөс шууд мэдрэх боломжтой.
Ариун Софийн сүм
Дундад зууны соёлын гол төв нь Визант улс байлаа. Визант улс нь Юстиниан хааны үед маш хүчирхэг гүрэн байсан төдийгүй соёл урлагаараа тэргүүлж байв. Византийн уран барилгачид сүмийн багтаамжийг нэмэгдүүлэх зорилготой урт танхимуудтай, бөмбөгөр оройтой “ базилика” хийцийн барилгыг барьж эхэлсэн. Базилика нь сунасан тэгш өнцөгт хэлбэрийн танхимтай байгууламж бөгөөд тэр нь багануудаар тусгаарлагдсан сондгой тоо бүхий нефтэй барилга юм. Базилика хийцийн барилгууд нь гадна талдаа огт чимэглэл байхгүй, харин дотор талдаа мозайкаар чимэглэгдсэн байдаг. Византийн үеийн хамгийн алдартай сүмийн тоонд Константинополь хотод баригдсан Ариун Софийн сүм орно. Уг сүмийг 532-537 оны хооронд архитектор Анфимий, Исидор нар барьжээ. Уг сүмийн барилгаар эзэн хааны сүр хүчийг бахдахын зэрэгцээ христийн сургаалыг мозайкаар чимэглэж үзүүлжээ. Сүмийн аварга том бөмбөгөр орой нь тухайн үеийнхээ уран барилгын асар том ололт байлаа. 31,5 метрийн голчтой оройг хоорондоо ойрхон байрлах нум хэлбэртэй 40 ширхэг цонхтой тойрог ханан дээр байрлуулснаар агаарт тогтсон юм шиг харагдана. Сүм нь бага зэрэг сунасан дөрвөлжин суурьтай ба гаднах гөлгөр хана нь нүсэр хүнд сэтгэгдэл төрүүлдэг. Гэвч дотор талын баялаг өнгө, чимэглэлтэй хөнгөн хээнцэр зохион байгуулалт нь ид шидийн ертөнц мэт биширмээр үзэгдэнэ. 55 метр өндөртэй, 77 метрийн урттай орон зайд саарал, ногоон, ягаан туяатай гантигаар өнгөлсөн багана, гулдан хаалга, цонх маш олон ажээ. Сүмийн дотор талыг чимэглэх үйл явцтай уялдан шашны урлагийн шинэ зарчим бүрэлдэв. Библийн сургаалд бурхан дүрслэл үндэслэгдэж, хана таазны зургуудад биелэлээ оллоо. Тэдгээрт бурхдын бие цогцос, нүүр царай, хувцас эдлэлийг нарийн чанд дүрэмтэй дүрслэх ба байрлал нь ч хатуу дэгээр хязгаарлагдана. Энэ үеийн монументаль уран зургийн гол арга ажиллагаа чулуун шигтгэмэл буюу мозайка байлаа.
Месопотами. Адорант төрлийн баримал.
Месопотами. Адорант төрлийн баримал.
Мэө 4-3 мянган жилийн тэртээ Тигр, Евфрат мөрний сав газарт Хоёр мөрний улсууд өөрийн өвөрмөц соёл урлагаа хөгжүүлсэн байна. Шумер, Аккадын соёл эртний улсуудын нийгэм соёлын үндэс нь болж өгдөг. Уран барилгад сүм бунханы барилга байгууламж түлхүү хөгжиж байв. Харин уран барималд залбирч, мөргөж байгаа хүмүүсийн дүр зонхилж байдаг. Адорант төрлийн баримлыг шавар, гипс, алебастр гэх мэт материалаар хийхийн зэрэгцээ маш олон тоогоор давтаж хийдэг. Байнгын тэнгэр бурхантай ярилцаж, хүндэтгэл үзүүлж байгааг бэлэгддэг. Цээжиндээ гараа зөрүүлэн барьсан, том бүлтгэр нүдтэй, төвлөрч бурханд хандсан шинж илэрч байдаг. Адорант төрлийн баримлууд гол төлөв эсгий, ноосон хувцас өмссөн байхын зэрэгцээ Египетийн баримлуудтай харьцуулбал хэмжээний хувьд жижгэвтэр байна.
Африкийн Нок-соёлын баримал
Африкийн Нок-соёлын баримал
Африкийн урлаг бол гадаад нөлөөлөлд хаалттай, эдийн засгийн болон сүсэг бишрэлийн хувьд өвөрмөц ялгагдах, хоорондоо ямарч холбоогүй, омог отгуудын янз бүрийн соёлуудаас бүрэлдэн тогтсон урлаг болно. “Африкийн “ гэдэг нэр томъёогоор тус тивийн Сахарын цөлөөс өмнөх хэсгийг, ялангуяа төв ба баруун эргийн нутаг дэвсгэрийг хамруулан ойлгодог билээ.
Африк тивээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээл бол Нок-ын шавар баримлууд юм. Нок-ын соёл нь төв Нигерийн урлаг бөгөөд мэө I мянган жилийн дундуур бүрэлдэн бий болж мэ 200 он хүртэл оршин тогтнож байжээ. Газар тариалан эрхэлсэн, суурин амьдралтай ард түмэн байсан бөгөөд Нок-ийн соёлд орох нарийн төвөгтэй хийц бүхий 50 гаруй шатаасан шавар баримлуудыг санамсаргүй байдлаар 1931 онд цагаан тугалганы уурхайгаас олсон ба ур хийцийн хувьд маш өндөр түвшинд хийсэн зүйлс байлаа. Тэндээс олдсон амьтад – заан, сармагчин, могой зэргийг Нок-ийн зураач урчууд маш чадварлаг бодит байдалтай хийсэн байдаг. Харин Нок-ын урчууд хүний нүүр царайг геометрийн дүрсүүдээр хэлбэржүүлсэн байдаг нь тэдний сүсэг бишрэлтэй холбоотой гэж үздэг. Гэхдээ хүний гэзгийг янз бүрийн байдлаар ухан сийлж нямбай гаргасан байдаг нь хүмүүсийн нийгмийн зэрэглэлийг илэрхийлэх арга нь байсан болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Иймэрхүү толгой баримлуудад хүний нүдний хар, хамрын нүх, ам, чих зэргийг нүх гарган онгорхой хийснээрээ онцлог. Харин чих нь ихэнхдээ хэт ар дагз руугаа байрласан байх нь хачирхалтай.
Колумбаас өмнөх Америкийн урлаг. Теотукан-Нарны сүм. Мексик
Мексикийн нутагт байдаг эртний индианчуудын тахилга шүтээний сүм нь 2007 онд ертөнцийн 7 гайхамшгийн нэгээр бүртгэгдсэн билээ. Эртний хот Теотуканд мэө III-II зуунд босгосон уг байгууламжийг борооны бурхан Тлалокт мөргөдөг, бурханаа ирвэсийн дүрээр төсөөлдөг нахуа үндэстнүүд бүтээсэн гэж тооцож байгаа бөгөөд 5 давхар энэхүү пирамидын өндөр нь 64,5 метр аж. Нарны сүм нь хэлбэрийн хувьд Египетийн пирамидыг санагдуулах ч Хеопсийн пирамидаас 2 дахин намхан, суурийн талбайгаараа ижил хэмжээтэй юм. Нарны пирамидын хавтгай орой дээр нарны сүм байсан нь эдүүгээ устаж үгүй болжээ. 30 жилийн турш 20 мянган хүн барьж босгосон гэх эл байгууламжийн дор 6 метрийн гүнд 100 метр урт байгалийн агуй руу ордог байна. Түүнийг ариун газар гэдэг ба Нарны пирамидын 4 талыг дөрвөн зүг, оройг нь ахуйн төв гэж нэрлэдэг байжээ. Теотукан хот-улс эртний индианчуудын шашин, шинжлэх ухаан, худалдаа, гар урлалын хамгийн том төв нь байв. Зэрэгцсэн болон огтлолцсон тэгш дардан замууд, түүний дагуу эгнэн байрлах барилга байгууламжууд тэдний хот байгуулалтдаа ихэд анхаарч байсныг батална. Тухайн үед энэ нутагт ольмек, сапотек, теотукан зэрэг омгууд байсан.
Хокусай “Фужи уулын 36 байдал
3, Хокусай “Фужи уулын 36 байдал”
XYIII зууны сүүл XIX зууны эхэн үеийн японы бар зургийн хамгийн алдартай зураач бол Кацусика Хокусай (1760-1849) юм. Тэрээр амьдралын эрээн барааныг сонирхож, аливаа зүйлийг урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээтэй тусгаж байлаа. Тиймээс ч Хокусайн бүтээлүүд хүний өдөр тутмын амьдралаас эхлээд байгалийн гамшиг хүртэлх ертөнцийн бүхий л үзэгдлийг үзүүлсэн байдаг. Тэрээр 30 гаруй мянган бүтээл туурвиж, 500 орчим номын чимэг зургийг зуржээ. 70 настайдаа зураач маань Японы үндэсний бэлгэдэл болсон Фужи уулыг 100 болон 36 төрхөөр зурахдаа анх удаа эх орон, ард түмэнтэйгээ нэгтгэн үзүүлснээрээ онцлог аж. Хокусайн бар зургууд зураасны гайхамшиг, цэвэр өнгө, зураачийн мэдрэмжээрээ бусдаас ялгагдаж байдаг. Зураач зурагтаа алслалттай газар орныг харуулдаг учир түүний зурагт тариачин, худалдаачин, загасчин гээд хэдэн арван хүмүүс ажлаа хийж, завгүй байгаа харагддаг юм. Түүний “Фужи уулын 36 байдал ” нэртэй цуврал зураг нь нийт 46 хуудаснаас бүрдэх бөгөөд ердөө хоёр нь л Фужи уулыг гол сэдэв болгон дүрсэлсэн байдаг. Харин бусад нь байшингийн дээвэр дээрээс, далайн давалгааны цаанаас эсвэл торхчины хийж байгаа торхны нүхээр гэх мэтээр Фужи уулыг хол, ойроос янз бүрээр дүрсэлжээ. Зураг дээрх Фужи уулын өмнө хүний амьдрал баяр баясгалан, эрээн бараантайгаа, эцэс төгсгөлгүй үргэлжлэх бөгөөд Японы ард түмний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой гэдгийг илэрхийлэх аж. “Фужи уулын 36 байдал” цувралын нэг “Давалгаа” гэдэг бүтээлийг харахад Байгалийн сүрт үзэгдэл хүчит давалгаа, тэнгэр хоёрын дунд нүдэнд шууд үл торох завьтай хүмүүсийг харж болно. Хүн энэ байгалийн гамшиг, сүр хүчит үзэсгэлэн төгөлдөр Фужийн өмнө юу хийж чадах вэ? Энэ зурагтаа Хокусай гадаад ертөнц, байгаль дэлхийн мөн чанарын тогтвортой, мөнхийн, байнгын өөрчлөгдөж байдаг гэсэн гурван үндсэн шинжийг тусган харуулжээ.
вторник, 12 января 2010 г.
Дэлхийн урлагийн түүхийн хичээлээр авах шалгалтын асуултууд
1, Хятадын цагаан хэрэм
Хятадын цагаан хэрэм мэө III зуунд Ши Хуанди хааны зарлигаар Хятадын нутаг дэвсгэрийн хойд хилийн дагуух уулс, хад хясаа, цөл, намаг зэрэг байгалийн хэцүү бэрх газрын гадаргуу дээр цагаан хэрмийг байгуулж эхэлсэн байна. 6500 гаруй километр үргэлжлэх хэрмийг босгоход 300.000 гаруй цэрэг оролцсоны зэрэгцээ хэдэн зуун мянган энгийн иргэд, тариачдыг дайчлан тэднийг арав гаруй жил нүсэр хүнд ажилд нухлан энэхүү байгууламжийг бүтээжээ. Бүтээн босголтын явцад үрэгдэгсдийг хэрмийн хананд оршуулж байсан тул “хамгийн урт оршуулгын газар”, “нулимсан хана” зэргээр “цол” авч Ши Хуанди хааны сүр хүч, дарангуйлалын дурсамж болон үлдсэн ажээ. Улс орноо хойт зүгийн нүүдэлчдээс хамгаалах зориулалттай босгосон Хятадын цагаан хэрмийн хоёр талын ханыг том тоосго чулуугаар жийргэлж, дунд нь шар шороо, хайрга чулуугаар дүүргэж барьсан ба хэрмийн өндөр арав орчим метр, өргөн нь 5-8 метр байдаг. Хэрмийн орой дээгүүрх “араа шүд” мэт байгууламжууд нь дайтаж байгаа цэргүүдэд хаалт, халхавч болох үүрэгтэй байжээ. 100 метр тутамд дохионы цамхагуудыг байрлуулсан байна. Цагаан хэрэм цэрэг дайны зориулалттай байсан ч газар нутгийн байгальтай үлэмж гайхамшигтай зохицож түүнд уусан бүтээгдсэн нэн агуу урлагийн бүтээл болсон юм. Ши Хуанди хааны нас барсны дараа хэрмийн байгуулалт нэг үе сэргэн үргэлжилж, нэг бол зогсонги байдалд орох зэргээр бүтээгдэж байв. Энэ үеүдээс XY-р зуунд Мин улсын үед 200 гаруй жилийн турш цагаан хэрмийг барих ажил эрчимтэй хийгдэж, шинэчлэн сайжруулж сэргээсэн байна. Ваньли хааны үед сэргээн засварлалт, бүтээн босголт идэвхтэй хийж, өнөөгийн дүр төрхөө олжээ.