1, Хятадын цагаан хэрэм
Хятадын цагаан хэрэм мэө III зуунд Ши Хуанди хааны зарлигаар Хятадын нутаг дэвсгэрийн хойд хилийн дагуух уулс, хад хясаа, цөл, намаг зэрэг байгалийн хэцүү бэрх газрын гадаргуу дээр цагаан хэрмийг байгуулж эхэлсэн байна. 6500 гаруй километр үргэлжлэх хэрмийг босгоход 300.000 гаруй цэрэг оролцсоны зэрэгцээ хэдэн зуун мянган энгийн иргэд, тариачдыг дайчлан тэднийг арав гаруй жил нүсэр хүнд ажилд нухлан энэхүү байгууламжийг бүтээжээ. Бүтээн босголтын явцад үрэгдэгсдийг хэрмийн хананд оршуулж байсан тул “хамгийн урт оршуулгын газар”, “нулимсан хана” зэргээр “цол” авч Ши Хуанди хааны сүр хүч, дарангуйлалын дурсамж болон үлдсэн ажээ. Улс орноо хойт зүгийн нүүдэлчдээс хамгаалах зориулалттай босгосон Хятадын цагаан хэрмийн хоёр талын ханыг том тоосго чулуугаар жийргэлж, дунд нь шар шороо, хайрга чулуугаар дүүргэж барьсан ба хэрмийн өндөр арав орчим метр, өргөн нь 5-8 метр байдаг. Хэрмийн орой дээгүүрх “араа шүд” мэт байгууламжууд нь дайтаж байгаа цэргүүдэд хаалт, халхавч болох үүрэгтэй байжээ. 100 метр тутамд дохионы цамхагуудыг байрлуулсан байна. Цагаан хэрэм цэрэг дайны зориулалттай байсан ч газар нутгийн байгальтай үлэмж гайхамшигтай зохицож түүнд уусан бүтээгдсэн нэн агуу урлагийн бүтээл болсон юм. Ши Хуанди хааны нас барсны дараа хэрмийн байгуулалт нэг үе сэргэн үргэлжилж, нэг бол зогсонги байдалд орох зэргээр бүтээгдэж байв. Энэ үеүдээс XY-р зуунд Мин улсын үед 200 гаруй жилийн турш цагаан хэрмийг барих ажил эрчимтэй хийгдэж, шинэчлэн сайжруулж сэргээсэн байна. Ваньли хааны үед сэргээн засварлалт, бүтээн босголт идэвхтэй хийж, өнөөгийн дүр төрхөө олжээ.
Комментариев нет:
Отправить комментарий