Африкийн Нок-соёлын баримал
Африкийн урлаг бол гадаад нөлөөлөлд хаалттай, эдийн засгийн болон сүсэг бишрэлийн хувьд өвөрмөц ялгагдах, хоорондоо ямарч холбоогүй, омог отгуудын янз бүрийн соёлуудаас бүрэлдэн тогтсон урлаг болно. “Африкийн “ гэдэг нэр томъёогоор тус тивийн Сахарын цөлөөс өмнөх хэсгийг, ялангуяа төв ба баруун эргийн нутаг дэвсгэрийг хамруулан ойлгодог билээ.
Африк тивээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээл бол Нок-ын шавар баримлууд юм. Нок-ын соёл нь төв Нигерийн урлаг бөгөөд мэө I мянган жилийн дундуур бүрэлдэн бий болж мэ 200 он хүртэл оршин тогтнож байжээ. Газар тариалан эрхэлсэн, суурин амьдралтай ард түмэн байсан бөгөөд Нок-ийн соёлд орох нарийн төвөгтэй хийц бүхий 50 гаруй шатаасан шавар баримлуудыг санамсаргүй байдлаар 1931 онд цагаан тугалганы уурхайгаас олсон ба ур хийцийн хувьд маш өндөр түвшинд хийсэн зүйлс байлаа. Тэндээс олдсон амьтад – заан, сармагчин, могой зэргийг Нок-ийн зураач урчууд маш чадварлаг бодит байдалтай хийсэн байдаг. Харин Нок-ын урчууд хүний нүүр царайг геометрийн дүрсүүдээр хэлбэржүүлсэн байдаг нь тэдний сүсэг бишрэлтэй холбоотой гэж үздэг. Гэхдээ хүний гэзгийг янз бүрийн байдлаар ухан сийлж нямбай гаргасан байдаг нь хүмүүсийн нийгмийн зэрэглэлийг илэрхийлэх арга нь байсан болов уу гэсэн сэтгэгдлийг төрүүлнэ. Иймэрхүү толгой баримлуудад хүний нүдний хар, хамрын нүх, ам, чих зэргийг нүх гарган онгорхой хийснээрээ онцлог. Харин чих нь ихэнхдээ хэт ар дагз руугаа байрласан байх нь хачирхалтай.
Комментариев нет:
Отправить комментарий