3, Хокусай “Фужи уулын 36 байдал”
XYIII зууны сүүл XIX зууны эхэн үеийн японы бар зургийн хамгийн алдартай зураач бол Кацусика Хокусай (1760-1849) юм. Тэрээр амьдралын эрээн барааныг сонирхож, аливаа зүйлийг урьд өмнө үзэгдээгүй өргөн хүрээтэй тусгаж байлаа. Тиймээс ч Хокусайн бүтээлүүд хүний өдөр тутмын амьдралаас эхлээд байгалийн гамшиг хүртэлх ертөнцийн бүхий л үзэгдлийг үзүүлсэн байдаг. Тэрээр 30 гаруй мянган бүтээл туурвиж, 500 орчим номын чимэг зургийг зуржээ. 70 настайдаа зураач маань Японы үндэсний бэлгэдэл болсон Фужи уулыг 100 болон 36 төрхөөр зурахдаа анх удаа эх орон, ард түмэнтэйгээ нэгтгэн үзүүлснээрээ онцлог аж. Хокусайн бар зургууд зураасны гайхамшиг, цэвэр өнгө, зураачийн мэдрэмжээрээ бусдаас ялгагдаж байдаг. Зураач зурагтаа алслалттай газар орныг харуулдаг учир түүний зурагт тариачин, худалдаачин, загасчин гээд хэдэн арван хүмүүс ажлаа хийж, завгүй байгаа харагддаг юм. Түүний “Фужи уулын 36 байдал ” нэртэй цуврал зураг нь нийт 46 хуудаснаас бүрдэх бөгөөд ердөө хоёр нь л Фужи уулыг гол сэдэв болгон дүрсэлсэн байдаг. Харин бусад нь байшингийн дээвэр дээрээс, далайн давалгааны цаанаас эсвэл торхчины хийж байгаа торхны нүхээр гэх мэтээр Фужи уулыг хол, ойроос янз бүрээр дүрсэлжээ. Зураг дээрх Фужи уулын өмнө хүний амьдрал баяр баясгалан, эрээн бараантайгаа, эцэс төгсгөлгүй үргэлжлэх бөгөөд Японы ард түмний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой гэдгийг илэрхийлэх аж. “Фужи уулын 36 байдал” цувралын нэг “Давалгаа” гэдэг бүтээлийг харахад Байгалийн сүрт үзэгдэл хүчит давалгаа, тэнгэр хоёрын дунд нүдэнд шууд үл торох завьтай хүмүүсийг харж болно. Хүн энэ байгалийн гамшиг, сүр хүчит үзэсгэлэн төгөлдөр Фужийн өмнө юу хийж чадах вэ? Энэ зурагтаа Хокусай гадаад ертөнц, байгаль дэлхийн мөн чанарын тогтвортой, мөнхийн, байнгын өөрчлөгдөж байдаг гэсэн гурван үндсэн шинжийг тусган харуулжээ.
Комментариев нет:
Отправить комментарий