пятница, 20 января 2012 г.

Хогарт – Жигтэй хурим


Хогарт – Жигтэй хурим ( Хуримын гэрээ цуврал-1)

Английн реалист уран зургийг үндэслэгч, нийгмийн болон улс төрийн шог зургийг бий болгосон төдийгүй урлагийн онолч хүн байлаа. Тэрээр амьдарч байсан цаг үеийнхээ бодит мөн чанарыг гүнзгий ойлгохыг хүсч байлаа. Тэрээр цуврал зургуудаараа нэрд гарсан. Түүний алдартай зургуудын тоонд “ жигтэй хурим” 6 цуврал бүтээл нь орно. Уг бүтээлд хоосорсон гүнгийн хүү, баян худалчаачны охинтой гэрлэж байгаа тухай өгүүлнэ. Энэ тооцоотой гэрлэлт нь амьдралын зөрчил, гуниг зовлон, шунахай сэтгэл, худал хуурмаг энэ бүгд үхэлд хүргэж байгааг харуулдаг. Зураг бүр бие даасан өгүүлэмжтэй боловч эцэстээ нийлээд нэгэн том үйл явдлыг үзүүлж, нийгмийн эмгэнэлт үзэгдлээс сургамж авахыг уриалсан байдаг.

четверг, 19 января 2012 г.

Тициан - Нүглээ наминчилж буй Магдалина


Тициан - Нүглээ наминчилж буй Магдалина

Вечелло Тициан Италийн сэргэн мандалтын гол төлөөлөгч. Түүний “Нүглээ наминчилж буй Магдалина” (1540) Эрмитажид хадгалагдаж байна. Тициан шашны болон үлгэр домгийн сэдвээр олон сайхан бүтээл урласан төдийгүй хөрөг зургийн салбарт шинэ эргэлт хийсэн гэж үздэг. Зураачийн өнгийн мэдрэмж тун нарийн төдийгүй зохиомжийн шийдэл нь дуусашгүй баян билээ.

“Нүглээ наминчилж буй Магдалина” бүтээлд зураач өнгийн тоглолтыг илүүд үзэж харин зохиомж нь уламжлалт хэлбэрийг хадгалсан байдаг. Магдалинагийн задран унасан бор шаргал үс, түүний ард байрлах хүглэгэр хүрэн хад, хүнд хөхөмдөг тэнгэр эмэгтэйн нүүр биеийн хүрээ жааз болж өгдөг бөгөөд энэ хүндэвтэр бараан өнгө эмэгтэйн дүр байдлыг тодотгож байна. Зураач эмэгтэйн мөр, цээжин дээгүүр задран унасан бор шаргал үс, тэнгэрлүү хандаж байгаа залуухан бүсгүйн нулимсандаа үл мэдэг улайсан нүд, дутуу жимийсэн уруул, нимгэн цагаан хацар, нүцгэн цээжээ үсээрээ тагласан булбарай зөөлөн гар, торгомсог хувцасны цаанаас бултайн харагдах хөх зэргийг хөнгөн зөөлөн бичилтээр бичсэн бол хувцасны нугалаа, тэнгэр, хад, байгалийг өргөн эрчтэй бичилтээр таглаж өгсөн нь эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх оновчтой шийдэлт болжээ.

Веронезе –Кане дахь найр


Веронезе –Кане дахь найр

Веронезе Италийн хожуу сэргэн мандалтын зураач юм. Түүний уран бүтээлд энэрэнгүй үзэл санаа нэвт шингэсэн байдаг. Тэрээр том хэмжээний шүтээний болон ханын зургаараа алдаршсан. Түүний бүтээлүүдэд гол төлөв Венецийн язгууртангуудын аз жаргал, баяр хөөрлөөр дүүрэн амьдрал тусгалаа олсон байдаг нь төрөлх хотоороо бахархаж байсны тод илрэл юм.

Веронезе амьдралыг баяр, жаргал дүүрэн үзэгдэл мэт бодож бүтээж байсан. Түүний уран зургийн өнгө баялаг хэрнээ энхрий зөөлөн, хэрэгтэй үедээ хүйтэн мөнгөлөг өнгийг ч чадварлаг оруулдаг, зохиомжууд нь тайзан дээр тоглож буй жүжиг мэт харагддаг. Веронезегийн алдартай бүтээлийн тоонд Сан Жоржо Мажоре сүмийн хоолны өрөөнд зориулсан “ Кане дахь найр” хэмээх 660х990 см хэмжээтэй, 138 хүнтэй найрын тухай зураг ордог. Энд дүрслэгдсэн Европын улсуудын ихэс дээдсийн дунд Италийн алдарт зураач Тициан, Тинторетто, Веронезе зэрэг олон алдарт хүмүүс харагдана. Уран барилгын гоёмсог хэсгүүдийн дунд янз бүрийн зиндааны хүмүүс цугларан наргиж, дуулж, хөгжимдөх ба Христ тэргүүтэй тэнгэрийн зочид ч найрын хүндэтгэлийн суудалд заларчээ. Хүмүүс дээд зэргийн тансаг хувцас, эд зүйлээр гоёсон байна. Мөн энгийн ард олон зохиомжийн дээд хэсэгт тагтан дээр дүрслэгдсэн нь хуучин уламжлалыг зоригтой эвдсэн шийдэл болов.

Т.Гейнсборо – Эндрю эхнэрийн хамт (1749 он)


Т.Гейнсборо – Эндрю эхнэрийн хамт (1749 он)

Томас Гейнсборо 18-р зууны английн хөрөг зургийн аугаа их мастер. Хөрөг бүтээлүүдээрээ нэрд гарсныхаа дараа Гейнсборо олон тооны алдар цуутай хүмүүсийн хөрөг зурах захиалга авчээ. Тэрээр эх орноосоо төдийлөн гараагүй бөгөөд уран зураг нь өнгүүдийн хоорондын түвэгтэй хэцүү зохицол, айзам, хэмнэлээрээ гайхалтай. Анхны хөргүүд нь зохиомжийн өвөрмөц шийдлийг үзүүлэх аж. Түүний эхэн үеийн зургуудын тоонд “Эндрю эхнэрийн хамт “ гэдэг зураг нь орно.

Гейнсборогийн бүтээсэн хос хоёрын хөрөг зураг нь Лондон хотын үндэсний галерейд хадгалагдаж байдаг. Гэр бүлийн найрсаг харьцаа, хайр халамжийг энэ хөргөөс харж болох бөгөөд тэрээр эхэн үеийн хөргүүдээ ихэвчлэн байгалийн фонон дээр дүрсэлдэг байв. Зураг дээр газрын эзэн ноён Эндрю хувцсаа үл мэдэг хааш яайш өмсөн, буу барьж бас дэргэдээ нохойтой зогсч байгаа нь тэр үеийн Английн нийгэмд бүрэлдэн тогтсон хэв маяг болох эзэмшил газар нутгийнхаа төлөө өөрийн амьдралаа зориулах гэсэн эрмэлзлэлийг дүрсэлжээ. Зураг нь зүүн гар талдаа хосуудын хөрөг, баруун гар талдаа байгалийн дүрслэл гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа мэт харагдана. Гейнсборо байгалийн зургаа бодит байдалтай зурсан бөгөөд зургийн наад талд нь хадаж багцлан боосон буудай, харин алсад үржил шимийг билэгдсэн дүрслэл байна. Уран сайхны хувьд буудайн багцууд нь орон зайн дүрслэлийг алсад аваачжээ. Зургийн баруун гар талд байгаа гурван мод зохиомжийг тэнцүү болгон , үзэгчийн харцыг үүлтэй тэнгэрийн хаяа руу шилжүүлж байна. Хашаан доторх талбайд хонин сүрэг, зүүн гар талд модон саравчтай өөр хашаанд үхрүүд бэлчээрлэж харагдана. Энэ нь 18-р зуунд бэлчээрийг хашаажуулах нь газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх шинэлэг зүйл гэж үзэж байсныг гэрчилж байна.

Хүй нэгдлийн урлаг. Стоунхендж



Хүй нэгдлийн урлаг. Стоунхендж

Хүрэл зэвсгийн үед ( мэө 2 мянган жил) уран барилгын үндэс тавигдсан нь энэ үеийн гол онцлог юм. Тэр үеийн барилгууд гол төлөв шүтлэгийн зориулалттай байснаас маш сүрлэг хийцтэй байжээ. Мегалит (грек. Мегас-том, литос-чулуу) хэмээн нэрлэгдсэн том гулдмай чулуун байгууламжуудыг дотор нь менгир, дольмен, кромлех гэж ангилна. Мегалитын дурсгалаас хамгийн нүсэр хийцтэй нь кромлех юм. Манай дэлхийн анхны уран барилга хэмээн өргөмжлөгдсөн Стоунхендж кромлех Англи улсын Солсберг-т мэө 2 мянган жилийн тэртээ босжээ. Стоунхенджийг барихад 120 ширхэг нэг бүр нь 7 тонн жинтэй зассан гулдмай чулууг ашигласан ба уг кромлех нь 30 метрийн голчтой дугуй байгууламж билээ. Газарт зоож босгосон эдгээр сүрлэг чулуун багануудын оройг хооронд нь мөн тийм хэмжээний чулуунуудыг хөндлөн тавьж холбожээ. Үүний үр дүнд дугуй цагираг мэт байгууламж үүссэн байна. Кромлех уран барилгын хэлбэр маш энгийн мэт боловч бэлгэдлийн утгатай аж. Хүй нэгдлийн үеийн хүмүүс нарыг ихэд шүтдэг байснаас түүнийг тахих ёслолд зориулан уг байгууламжийг бүтээсэн гэж үздэг. Тиймээс ч Стоунхенджийн дүрслэл нарыг санагдуулна. Кромлехийн чулуунуудыг сайтар засч янзалсан нь эртний хүмүүсийн бүтээх арга ажиллагаа чадварлаг болсныг гэрчилнэ. Тойргийг тэнцүү хувааж, ижил хэлбэр болон хэмжээтэй чулуугаар багануудыг хос хосоор нь холбож өгсөн нь уран барилгад хийсэн анхны том алхам болсон юм.

Хятад – Ши-Хуанди-гийн бунхан




Хятад – Ши-Хуанди-гийн бунхан

Ши- Хуанди хааны нүсэр бунханыг Сяньян хотоос 50 орчим километр газар түүнийг хаан ширээнд заларснаас хойш арван жилийн дотор бүтээжээ. Энэ ажилд 700.000 гаруй ажилчин оролцсон гэдэг. Бунхан нь газрыг бэлгэдсэн шоо дөрвөлжин хоёр эгнээ өндөр хана хэрэмтэй. Төвд нь конус хэлбэрийн шарил хадгалах өндөр овоог дугуй суурь (тэнгэрийн бэлгэдэл) дээр байгуулсан байна. Газар доорхи шарил байрлах хэсгийг гантиг болон ногоолингоор доторлосон бөгөөд Хятадын 9 мужийн газрын зураг бүхий асар том өнгөлсөн чулуун хавтан шалтай. Шал нь таван ариун гэгээн уулын, тааз нь цэлмэг өдрийн тэнгэрийн дүрслэлтэй юм. Хааныг таалал төгссөний дараа биеийг нь чулуун авсанд хийж газар доорхи бунханд авчран байрлуулаад сав суулга, бэлэг дурсгалын эдлэлүүд, хөгжмийн зэмсгүүд зэрэг түүний амьд ахуй цагтаа хэрэглэж байсан маш олон үнэт эд зүйлсийг тойруулан тавьсан байна. Гэвч газар доорхи хаанчлал энэ байгууламжаар дууссангүй. Түүнтэй зэрэгцэн байрлах бүтэн хагас км үргэлжилсэн гүнзгий бөгөөд шатаасан шавар хавтан дотортой 11 газар доорхи сувгуудыг археологчид 1974 онд олжээ. Эдгээрт зэрэгцэн жагссан олон цэргийн дүрсүүд байх бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлог дүртэй, тэдгээрийг морь, морин тэргийг дагалдсан байдлаар бодит хүний өндөртэй ижил хэмжээтэйгээр бүтээсэн байв. Бүх дүрсүүдийг шавраар урлаж шатаасан ба байлдааны бэлэн байдалд байгаа эдгээр цэргүүд нь эзэн хаанаа хамгаалах ёстой аж.

Утамаро Япон эмэгтэй



Утамаро Япон эмэгтэй

Китагава Утамаро (1753-1806) нь японы ахуйн сэдэвт бар зургийг үндэслэгчдийн нэг гэж үздэг. Утамаро үндэсний гоо сайхныг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн дүрийг голчилж байлаа. Түүний эмэгтэйчүүдийн сэдэвт цуврал бар зургуудад “ Үнэнчийн тэмцээн”, “ Бүсгүйн өдөр ба цаг мөчүүд”, “Хайр дурлалын сонгомол дуунууд” гэх зэрэг өгүүлэмж, үйл явдалгүй бүтээлүүд олон бий. Тухайлбал:” Гоо сайхнаараа алдаршсан 3 бүсгүй” өнгөт модон барын цувралд япон үндэстний гоо сайхны таашаалын илрэл болсон бүсгүйн өвөрмөц гоо заслыг гайхамшигтай уран нарийн зураасаар донжтой нь аргагүй илэрхийлсэн байна.

Утамаро японы модон барын урлагт шинэчлэлт оруулсан. Модон барын өнгө маш баялаг болсон. Хүний хөдөлгөөн, сэтгэлийн хөдлөл, өөрчлөлтийг онцгой мэдэрч зурж байв. Тэрээр өөрийн гэсэн арга барилыг хайж байсан бөгөөд тэрээр эмэгтэйчүүдийн тухай зурах болсон бөгөөд энэ нь түүнд алдар авчирсан. 1789-1800 оны хооронд Эдо хотын бүхий л сайхан өвөрмөц дүр төрхтэй хүүхнүүдийг зурсан байлаа. Түүний зурсан хүүхнүүдийн төрх бүгд ерөнхийдөө адил боловч хоорондын өчүүхэн төдий ялгаа, онцлог шинжийг маш гярхай харж дүрсэлжээ. Урт гонзгой царайтай, хамар, нүдний хэлбэр зөөлөн ер нь л тайван амгалан дүр төрхтэй хүүхнүүдийг зурж байв. Эмэгтэйчүүдийг дүрслэхдээ хүний зан араншингийн янз бүрийн талыг харж чаддаг байлаа. Түүний хүүхнүүд нь үсээ сайхан зассан, урт сайхан хун хүзүүтэй, жирвийсэн хөмсөгтэй, улаан булхагар уруултай, савхан нарийн хуруутай ер бусын үзэсгэлэнтэй байдаг.