среда, 18 января 2012 г.

Японы чулуун цэцэрлэг


Японы чулуун цэцэрлэг

14-15 зууны японы уран барилгад Зэн буддын (бясалгал) сургаалтай холбогдон шинэ амьсгал орж иржээ. Энэ номлолын дагуу байгальд зөвхөн цэнгээд зогсохгүй түүнээс ертөнцийн байгуулалтын ерөнхий хуулиудыг олж харах гэж эрмэлзэх болов. Зэнгийн сургаал ёсоор байгаль өөрөө “ будда багшийн бие” бөгөөд төгс төгөлдөр цогцос хэмээн тооцогддог. Байгальтай харьцсанаар үнэн ба гэгээрэлд хүрэх замыг олж болох аж. Зэнгийн сүм хийдүүдийн чухал шинэлэг зүйл нь онцгой бэлгэдэл болох цэцэрлэгжүүлэлттэй болсон явдал болно. Ийм цэцэрлэгийг жижгэвтэр талбай дээр боловч бясалгагч хүнд алс тэртээг санагдуулсан уудам орон зайн сэтгэгдэл төрүүлэхээр мод, бут, чулуугаар байгуулна. Зэнгийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцэглэж байгаа ургамлууд ерөнхийдөө байдаггүй. Ийм цэцэрлэгийн зохиомж нь хэмжээ болон хэлбэрээр нь нямбай сонгож авсан байгалийн дүрслэлүүд юм. Тухайлбал, усыг жинхэнэ хүрхрээ юм уу, эсвэл горхи шоржигнон урсаж байгаа мэтээр, түүнчлэн ямар нэг тогтоцыг санагдуулам элс хайргаар бүтээдэг ажээ.

Зэнгийн хамгийн алдартай цэцэрлэгт мандал Киото хотод байдаг. 15-р зууны хоёрдугаар хагаст бүтээсэн Рёанзи цэцэрлэгт мандал бол цагаан хайргаар хучигдсан тэгш өнцөгт талбай (19х23) юм. Түүн дээр тав, хоёр, гурав, хоёр , гурав гэсэн тоогоор чулуунуудыг хэсэг хэсгээр бөөгнөрүүлэн байрлуулсан байна. Бүгд арван таван чулуу байдаг. Хэсэг бүр өтгөн ногоон хөвдөөр хүрээлэгдэнэ. Саравчтай тагтны аль нэг цэгээс цэцэрлэгийг харж бясалгахад зөвхөн арван дөрвөн чулуу л үзэгдэх бөгөөд энэ нь гадаад энгийн байдлын дотор ямар нэгэн ер бусын бөгөөд далд зүйл агуулагдан байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэдийгээр цэцэрлэгт цаг хугацааг өөрчлөгч ямарч зүйл байхгүй боловч жилийн улирал болгонд төдийгүй өдөр тутам янз бүр байдаг.

Комментариев нет:

Отправить комментарий