среда, 18 января 2012 г.

Сан-Равенна-гийн мозайка.










Сан-Равенна-гийн мозайка.
Византийн уран барилгачид сүмийн багтаамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарсны хүчинд урт танхимуудтай, “базилика” загварыг нийтлэг ашиглах болжээ. Базилика нь сунасан тэгш өнцөгт хэлбэрийн танхимтай байгууламж бөгөөд тэр нь багануудын тусламжтайгаар уртаашаа “неф” хэмээн нэрлэгдэх сондгой тоо бүхий өрөөгөөр тусгаарлагдана. Голын неф нь хажуугийн нефээс ямагт өндөр байдаг. Сүмийн дотор талыг чимэглэх үйл явцтай уялдан шашны урлагийн шинэ зарчим бүрэлдэв. Библийн сургаалд бурхан дүрслэл үндэслэгдэж, хана, таазны зургуудад биелэлээ оллоо. Тэдгээрт бурхдын бие цогцос, нүүр царай, хувцас эдлэлийг нарийн чанд дүрэмтэй дүрслэх ба байрлал нь ч хатуу дэгээр хязгаарлагдана. Энэ үеийн монументаль уран зургийн гол арга ажиллагаа чулуун шигтгэмэл байлаа. Өнгө бүрийн чулууг олзворлож, үлэмж тансаг сайхныг бүтээж байсны үр дүнд чулуун шигтгэмэл буюу мозайкийн урлаг улам боловсронгуй болсон. Гурван нефтэй Сан Равеннагийн сүмийн (6 зуун) хануудыг Христийн амьдралаас өгүүлсэн чулуун шигтгэмэл зургаар чимэглэсэн байна. Уг сүм нь 3 нефтэй бөгөөд голын неф нь хажуугийн нефээс өндөр тул түүний цонхнууд нь ханын зургуудыг сайтар гэрэлтүүлнэ. Тэдгээрийн дундаас дээдсийн амьдралыг харуулсан “Юстиниан хаан шадар туслахуудын хамт”, “ Хатан хаан Феодора ойр дотны хүмүүсийн дунд” гэсэн бүлэг хөргүүд ур хийцээрээ гайхуулдаг. Уг чулуун шигтгэмэл бүтээлд сүмд өргөл өгч буй хүмүүсийг үзүүлсэн байна. Юстиниан хаан византийн сүм хийдийг аливаа татвараас чөлөөлж, газар болон хөрөнгө олгосон өгөөмөр сэтгэлийг харуулах үүднээс хаан, хатан хоёрын гарт том алтан аяга бариулжээ. Элбэг хувцсаар далдлагдсан хүмүүсийн бие ижил мэт харагдавч нарийн ажиглаваас хүн бүрийн гадаад болон дотоод онцлог шинжүүд тод илэрнэ.

Комментариев нет:

Отправить комментарий