Т.Гейнсборо – Эндрю эхнэрийн хамт (1749 он)
Томас Гейнсборо 18-р зууны английн хөрөг зургийн аугаа их мастер. Хөрөг бүтээлүүдээрээ нэрд гарсныхаа дараа Гейнсборо олон тооны алдар цуутай хүмүүсийн хөрөг зурах захиалга авчээ. Тэрээр эх орноосоо төдийлөн гараагүй бөгөөд уран зураг нь өнгүүдийн хоорондын түвэгтэй хэцүү зохицол, айзам, хэмнэлээрээ гайхалтай. Анхны хөргүүд нь зохиомжийн өвөрмөц шийдлийг үзүүлэх аж. Түүний эхэн үеийн зургуудын тоонд “Эндрю эхнэрийн хамт “ гэдэг зураг нь орно.
Гейнсборогийн бүтээсэн хос хоёрын хөрөг зураг нь Лондон хотын үндэсний галерейд хадгалагдаж байдаг. Гэр бүлийн найрсаг харьцаа, хайр халамжийг энэ хөргөөс харж болох бөгөөд тэрээр эхэн үеийн хөргүүдээ ихэвчлэн байгалийн фонон дээр дүрсэлдэг байв. Зураг дээр газрын эзэн ноён Эндрю хувцсаа үл мэдэг хааш яайш өмсөн, буу барьж бас дэргэдээ нохойтой зогсч байгаа нь тэр үеийн Английн нийгэмд бүрэлдэн тогтсон хэв маяг болох эзэмшил газар нутгийнхаа төлөө өөрийн амьдралаа зориулах гэсэн эрмэлзлэлийг дүрсэлжээ. Зураг нь зүүн гар талдаа хосуудын хөрөг, баруун гар талдаа байгалийн дүрслэл гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа мэт харагдана. Гейнсборо байгалийн зургаа бодит байдалтай зурсан бөгөөд зургийн наад талд нь хадаж багцлан боосон буудай, харин алсад үржил шимийг билэгдсэн дүрслэл байна. Уран сайхны хувьд буудайн багцууд нь орон зайн дүрслэлийг алсад аваачжээ. Зургийн баруун гар талд байгаа гурван мод зохиомжийг тэнцүү болгон , үзэгчийн харцыг үүлтэй тэнгэрийн хаяа руу шилжүүлж байна. Хашаан доторх талбайд хонин сүрэг, зүүн гар талд модон саравчтай өөр хашаанд үхрүүд бэлчээрлэж харагдана. Энэ нь 18-р зуунд бэлчээрийг хашаажуулах нь газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх шинэлэг зүйл гэж үзэж байсныг гэрчилж байна.
Комментариев нет:
Отправить комментарий