Готик-Реймсийн сүм
XIII-XIY зуун дундад зууны үеийн урлагийн хөгжлийн ид цэцэглэлтийн үе байлаа.
Ер нь готик урлаг нь хоттой нягт холбоотой. Хотын амьдрал нь шинэ шинэ барилга төрөн гарахад их түлхэц болдог. XII зууны сүүл үеэс Франц нь европын соёл, боловсролын төв болж өгч байлаа. Энэ үеэс барилгын гол төрөл нь хийдийн барилга биш хотын сүм дуганын хийц зонхилох болов. Готик хийцийн уран барилга нь роман хийцийг бодвол их гоё дэгжин, өндөр, их багтаамжтай, тэнгэр шөвгөдсөн шовх оройтой барилга юм.
Улс бүхэнд готик хийц нь өөр өөрсдийн онцлогтой байдаг. Францад готик хийцийн барилга нь тодорхой пропорцтой, уран нарийн хийцтэй, тэгш хэмийн зохиомжтой. Готик хийцийн сонгодог хэлбэрт Реймсийн сүм орно. Реймийн сүм нь 1211-1330 оны хооронд баригдсан. Баруун талдаа 3 том хаалгатай, хаалганы дээд талд витраж бүхий сарнай цэцгэн хэлбэрт цонхтой. Оройдоо ижил хоёр өндөр хонхот цамхагтай. Аврага том сүм маань 150 м урттай, 80 м өндөртэй хэдий ч, хаалга цонхны хэлбэр нь шовх, дээшээ тэмүүлсэн байдаг тул уг сүм маань маш хөнгөн тэнгэр баганадсан харагдаж чаддаг. Реймсийн сүм нь баялаг рельеф, баримлаар чимэглэгдсэн байдаг. Түүнийг уран баримлын хаанчлал гэж нэрлэдэг нь зүйн хэрэг юм. Зөвхөн үүдний хэсэгт л гэхэд мянган баримал байдаг. Дундад зууны уран барилгачид шашны үзэл санааг илэрхийлэн сүсэгтэн олныг бишрүүлж, айлган сүрдүүлэх зорилгоор барилгын хана туургыг рельеф баримлаар чимэглэж өгдөг байв.
Комментариев нет:
Отправить комментарий