четверг, 19 января 2012 г.

Хүй нэгдлийн урлаг. Стоунхендж



Хүй нэгдлийн урлаг. Стоунхендж

Хүрэл зэвсгийн үед ( мэө 2 мянган жил) уран барилгын үндэс тавигдсан нь энэ үеийн гол онцлог юм. Тэр үеийн барилгууд гол төлөв шүтлэгийн зориулалттай байснаас маш сүрлэг хийцтэй байжээ. Мегалит (грек. Мегас-том, литос-чулуу) хэмээн нэрлэгдсэн том гулдмай чулуун байгууламжуудыг дотор нь менгир, дольмен, кромлех гэж ангилна. Мегалитын дурсгалаас хамгийн нүсэр хийцтэй нь кромлех юм. Манай дэлхийн анхны уран барилга хэмээн өргөмжлөгдсөн Стоунхендж кромлех Англи улсын Солсберг-т мэө 2 мянган жилийн тэртээ босжээ. Стоунхенджийг барихад 120 ширхэг нэг бүр нь 7 тонн жинтэй зассан гулдмай чулууг ашигласан ба уг кромлех нь 30 метрийн голчтой дугуй байгууламж билээ. Газарт зоож босгосон эдгээр сүрлэг чулуун багануудын оройг хооронд нь мөн тийм хэмжээний чулуунуудыг хөндлөн тавьж холбожээ. Үүний үр дүнд дугуй цагираг мэт байгууламж үүссэн байна. Кромлех уран барилгын хэлбэр маш энгийн мэт боловч бэлгэдлийн утгатай аж. Хүй нэгдлийн үеийн хүмүүс нарыг ихэд шүтдэг байснаас түүнийг тахих ёслолд зориулан уг байгууламжийг бүтээсэн гэж үздэг. Тиймээс ч Стоунхенджийн дүрслэл нарыг санагдуулна. Кромлехийн чулуунуудыг сайтар засч янзалсан нь эртний хүмүүсийн бүтээх арга ажиллагаа чадварлаг болсныг гэрчилнэ. Тойргийг тэнцүү хувааж, ижил хэлбэр болон хэмжээтэй чулуугаар багануудыг хос хосоор нь холбож өгсөн нь уран барилгад хийсэн анхны том алхам болсон юм.

Комментариев нет:

Отправить комментарий