пятница, 20 января 2012 г.

Хогарт – Жигтэй хурим


Хогарт – Жигтэй хурим ( Хуримын гэрээ цуврал-1)

Английн реалист уран зургийг үндэслэгч, нийгмийн болон улс төрийн шог зургийг бий болгосон төдийгүй урлагийн онолч хүн байлаа. Тэрээр амьдарч байсан цаг үеийнхээ бодит мөн чанарыг гүнзгий ойлгохыг хүсч байлаа. Тэрээр цуврал зургуудаараа нэрд гарсан. Түүний алдартай зургуудын тоонд “ жигтэй хурим” 6 цуврал бүтээл нь орно. Уг бүтээлд хоосорсон гүнгийн хүү, баян худалчаачны охинтой гэрлэж байгаа тухай өгүүлнэ. Энэ тооцоотой гэрлэлт нь амьдралын зөрчил, гуниг зовлон, шунахай сэтгэл, худал хуурмаг энэ бүгд үхэлд хүргэж байгааг харуулдаг. Зураг бүр бие даасан өгүүлэмжтэй боловч эцэстээ нийлээд нэгэн том үйл явдлыг үзүүлж, нийгмийн эмгэнэлт үзэгдлээс сургамж авахыг уриалсан байдаг.

четверг, 19 января 2012 г.

Тициан - Нүглээ наминчилж буй Магдалина


Тициан - Нүглээ наминчилж буй Магдалина

Вечелло Тициан Италийн сэргэн мандалтын гол төлөөлөгч. Түүний “Нүглээ наминчилж буй Магдалина” (1540) Эрмитажид хадгалагдаж байна. Тициан шашны болон үлгэр домгийн сэдвээр олон сайхан бүтээл урласан төдийгүй хөрөг зургийн салбарт шинэ эргэлт хийсэн гэж үздэг. Зураачийн өнгийн мэдрэмж тун нарийн төдийгүй зохиомжийн шийдэл нь дуусашгүй баян билээ.

“Нүглээ наминчилж буй Магдалина” бүтээлд зураач өнгийн тоглолтыг илүүд үзэж харин зохиомж нь уламжлалт хэлбэрийг хадгалсан байдаг. Магдалинагийн задран унасан бор шаргал үс, түүний ард байрлах хүглэгэр хүрэн хад, хүнд хөхөмдөг тэнгэр эмэгтэйн нүүр биеийн хүрээ жааз болж өгдөг бөгөөд энэ хүндэвтэр бараан өнгө эмэгтэйн дүр байдлыг тодотгож байна. Зураач эмэгтэйн мөр, цээжин дээгүүр задран унасан бор шаргал үс, тэнгэрлүү хандаж байгаа залуухан бүсгүйн нулимсандаа үл мэдэг улайсан нүд, дутуу жимийсэн уруул, нимгэн цагаан хацар, нүцгэн цээжээ үсээрээ тагласан булбарай зөөлөн гар, торгомсог хувцасны цаанаас бултайн харагдах хөх зэргийг хөнгөн зөөлөн бичилтээр бичсэн бол хувцасны нугалаа, тэнгэр, хад, байгалийг өргөн эрчтэй бичилтээр таглаж өгсөн нь эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх оновчтой шийдэлт болжээ.

Веронезе –Кане дахь найр


Веронезе –Кане дахь найр

Веронезе Италийн хожуу сэргэн мандалтын зураач юм. Түүний уран бүтээлд энэрэнгүй үзэл санаа нэвт шингэсэн байдаг. Тэрээр том хэмжээний шүтээний болон ханын зургаараа алдаршсан. Түүний бүтээлүүдэд гол төлөв Венецийн язгууртангуудын аз жаргал, баяр хөөрлөөр дүүрэн амьдрал тусгалаа олсон байдаг нь төрөлх хотоороо бахархаж байсны тод илрэл юм.

Веронезе амьдралыг баяр, жаргал дүүрэн үзэгдэл мэт бодож бүтээж байсан. Түүний уран зургийн өнгө баялаг хэрнээ энхрий зөөлөн, хэрэгтэй үедээ хүйтэн мөнгөлөг өнгийг ч чадварлаг оруулдаг, зохиомжууд нь тайзан дээр тоглож буй жүжиг мэт харагддаг. Веронезегийн алдартай бүтээлийн тоонд Сан Жоржо Мажоре сүмийн хоолны өрөөнд зориулсан “ Кане дахь найр” хэмээх 660х990 см хэмжээтэй, 138 хүнтэй найрын тухай зураг ордог. Энд дүрслэгдсэн Европын улсуудын ихэс дээдсийн дунд Италийн алдарт зураач Тициан, Тинторетто, Веронезе зэрэг олон алдарт хүмүүс харагдана. Уран барилгын гоёмсог хэсгүүдийн дунд янз бүрийн зиндааны хүмүүс цугларан наргиж, дуулж, хөгжимдөх ба Христ тэргүүтэй тэнгэрийн зочид ч найрын хүндэтгэлийн суудалд заларчээ. Хүмүүс дээд зэргийн тансаг хувцас, эд зүйлээр гоёсон байна. Мөн энгийн ард олон зохиомжийн дээд хэсэгт тагтан дээр дүрслэгдсэн нь хуучин уламжлалыг зоригтой эвдсэн шийдэл болов.

Т.Гейнсборо – Эндрю эхнэрийн хамт (1749 он)


Т.Гейнсборо – Эндрю эхнэрийн хамт (1749 он)

Томас Гейнсборо 18-р зууны английн хөрөг зургийн аугаа их мастер. Хөрөг бүтээлүүдээрээ нэрд гарсныхаа дараа Гейнсборо олон тооны алдар цуутай хүмүүсийн хөрөг зурах захиалга авчээ. Тэрээр эх орноосоо төдийлөн гараагүй бөгөөд уран зураг нь өнгүүдийн хоорондын түвэгтэй хэцүү зохицол, айзам, хэмнэлээрээ гайхалтай. Анхны хөргүүд нь зохиомжийн өвөрмөц шийдлийг үзүүлэх аж. Түүний эхэн үеийн зургуудын тоонд “Эндрю эхнэрийн хамт “ гэдэг зураг нь орно.

Гейнсборогийн бүтээсэн хос хоёрын хөрөг зураг нь Лондон хотын үндэсний галерейд хадгалагдаж байдаг. Гэр бүлийн найрсаг харьцаа, хайр халамжийг энэ хөргөөс харж болох бөгөөд тэрээр эхэн үеийн хөргүүдээ ихэвчлэн байгалийн фонон дээр дүрсэлдэг байв. Зураг дээр газрын эзэн ноён Эндрю хувцсаа үл мэдэг хааш яайш өмсөн, буу барьж бас дэргэдээ нохойтой зогсч байгаа нь тэр үеийн Английн нийгэмд бүрэлдэн тогтсон хэв маяг болох эзэмшил газар нутгийнхаа төлөө өөрийн амьдралаа зориулах гэсэн эрмэлзлэлийг дүрсэлжээ. Зураг нь зүүн гар талдаа хосуудын хөрөг, баруун гар талдаа байгалийн дүрслэл гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа мэт харагдана. Гейнсборо байгалийн зургаа бодит байдалтай зурсан бөгөөд зургийн наад талд нь хадаж багцлан боосон буудай, харин алсад үржил шимийг билэгдсэн дүрслэл байна. Уран сайхны хувьд буудайн багцууд нь орон зайн дүрслэлийг алсад аваачжээ. Зургийн баруун гар талд байгаа гурван мод зохиомжийг тэнцүү болгон , үзэгчийн харцыг үүлтэй тэнгэрийн хаяа руу шилжүүлж байна. Хашаан доторх талбайд хонин сүрэг, зүүн гар талд модон саравчтай өөр хашаанд үхрүүд бэлчээрлэж харагдана. Энэ нь 18-р зуунд бэлчээрийг хашаажуулах нь газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх шинэлэг зүйл гэж үзэж байсныг гэрчилж байна.

Хүй нэгдлийн урлаг. Стоунхендж



Хүй нэгдлийн урлаг. Стоунхендж

Хүрэл зэвсгийн үед ( мэө 2 мянган жил) уран барилгын үндэс тавигдсан нь энэ үеийн гол онцлог юм. Тэр үеийн барилгууд гол төлөв шүтлэгийн зориулалттай байснаас маш сүрлэг хийцтэй байжээ. Мегалит (грек. Мегас-том, литос-чулуу) хэмээн нэрлэгдсэн том гулдмай чулуун байгууламжуудыг дотор нь менгир, дольмен, кромлех гэж ангилна. Мегалитын дурсгалаас хамгийн нүсэр хийцтэй нь кромлех юм. Манай дэлхийн анхны уран барилга хэмээн өргөмжлөгдсөн Стоунхендж кромлех Англи улсын Солсберг-т мэө 2 мянган жилийн тэртээ босжээ. Стоунхенджийг барихад 120 ширхэг нэг бүр нь 7 тонн жинтэй зассан гулдмай чулууг ашигласан ба уг кромлех нь 30 метрийн голчтой дугуй байгууламж билээ. Газарт зоож босгосон эдгээр сүрлэг чулуун багануудын оройг хооронд нь мөн тийм хэмжээний чулуунуудыг хөндлөн тавьж холбожээ. Үүний үр дүнд дугуй цагираг мэт байгууламж үүссэн байна. Кромлех уран барилгын хэлбэр маш энгийн мэт боловч бэлгэдлийн утгатай аж. Хүй нэгдлийн үеийн хүмүүс нарыг ихэд шүтдэг байснаас түүнийг тахих ёслолд зориулан уг байгууламжийг бүтээсэн гэж үздэг. Тиймээс ч Стоунхенджийн дүрслэл нарыг санагдуулна. Кромлехийн чулуунуудыг сайтар засч янзалсан нь эртний хүмүүсийн бүтээх арга ажиллагаа чадварлаг болсныг гэрчилнэ. Тойргийг тэнцүү хувааж, ижил хэлбэр болон хэмжээтэй чулуугаар багануудыг хос хосоор нь холбож өгсөн нь уран барилгад хийсэн анхны том алхам болсон юм.

Хятад – Ши-Хуанди-гийн бунхан




Хятад – Ши-Хуанди-гийн бунхан

Ши- Хуанди хааны нүсэр бунханыг Сяньян хотоос 50 орчим километр газар түүнийг хаан ширээнд заларснаас хойш арван жилийн дотор бүтээжээ. Энэ ажилд 700.000 гаруй ажилчин оролцсон гэдэг. Бунхан нь газрыг бэлгэдсэн шоо дөрвөлжин хоёр эгнээ өндөр хана хэрэмтэй. Төвд нь конус хэлбэрийн шарил хадгалах өндөр овоог дугуй суурь (тэнгэрийн бэлгэдэл) дээр байгуулсан байна. Газар доорхи шарил байрлах хэсгийг гантиг болон ногоолингоор доторлосон бөгөөд Хятадын 9 мужийн газрын зураг бүхий асар том өнгөлсөн чулуун хавтан шалтай. Шал нь таван ариун гэгээн уулын, тааз нь цэлмэг өдрийн тэнгэрийн дүрслэлтэй юм. Хааныг таалал төгссөний дараа биеийг нь чулуун авсанд хийж газар доорхи бунханд авчран байрлуулаад сав суулга, бэлэг дурсгалын эдлэлүүд, хөгжмийн зэмсгүүд зэрэг түүний амьд ахуй цагтаа хэрэглэж байсан маш олон үнэт эд зүйлсийг тойруулан тавьсан байна. Гэвч газар доорхи хаанчлал энэ байгууламжаар дууссангүй. Түүнтэй зэрэгцэн байрлах бүтэн хагас км үргэлжилсэн гүнзгий бөгөөд шатаасан шавар хавтан дотортой 11 газар доорхи сувгуудыг археологчид 1974 онд олжээ. Эдгээрт зэрэгцэн жагссан олон цэргийн дүрсүүд байх бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлог дүртэй, тэдгээрийг морь, морин тэргийг дагалдсан байдлаар бодит хүний өндөртэй ижил хэмжээтэйгээр бүтээсэн байв. Бүх дүрсүүдийг шавраар урлаж шатаасан ба байлдааны бэлэн байдалд байгаа эдгээр цэргүүд нь эзэн хаанаа хамгаалах ёстой аж.

Утамаро Япон эмэгтэй



Утамаро Япон эмэгтэй

Китагава Утамаро (1753-1806) нь японы ахуйн сэдэвт бар зургийг үндэслэгчдийн нэг гэж үздэг. Утамаро үндэсний гоо сайхныг бүрдүүлэгч эмэгтэйчүүдийн дүрийг голчилж байлаа. Түүний эмэгтэйчүүдийн сэдэвт цуврал бар зургуудад “ Үнэнчийн тэмцээн”, “ Бүсгүйн өдөр ба цаг мөчүүд”, “Хайр дурлалын сонгомол дуунууд” гэх зэрэг өгүүлэмж, үйл явдалгүй бүтээлүүд олон бий. Тухайлбал:” Гоо сайхнаараа алдаршсан 3 бүсгүй” өнгөт модон барын цувралд япон үндэстний гоо сайхны таашаалын илрэл болсон бүсгүйн өвөрмөц гоо заслыг гайхамшигтай уран нарийн зураасаар донжтой нь аргагүй илэрхийлсэн байна.

Утамаро японы модон барын урлагт шинэчлэлт оруулсан. Модон барын өнгө маш баялаг болсон. Хүний хөдөлгөөн, сэтгэлийн хөдлөл, өөрчлөлтийг онцгой мэдэрч зурж байв. Тэрээр өөрийн гэсэн арга барилыг хайж байсан бөгөөд тэрээр эмэгтэйчүүдийн тухай зурах болсон бөгөөд энэ нь түүнд алдар авчирсан. 1789-1800 оны хооронд Эдо хотын бүхий л сайхан өвөрмөц дүр төрхтэй хүүхнүүдийг зурсан байлаа. Түүний зурсан хүүхнүүдийн төрх бүгд ерөнхийдөө адил боловч хоорондын өчүүхэн төдий ялгаа, онцлог шинжийг маш гярхай харж дүрсэлжээ. Урт гонзгой царайтай, хамар, нүдний хэлбэр зөөлөн ер нь л тайван амгалан дүр төрхтэй хүүхнүүдийг зурж байв. Эмэгтэйчүүдийг дүрслэхдээ хүний зан араншингийн янз бүрийн талыг харж чаддаг байлаа. Түүний хүүхнүүд нь үсээ сайхан зассан, урт сайхан хун хүзүүтэй, жирвийсэн хөмсөгтэй, улаан булхагар уруултай, савхан нарийн хуруутай ер бусын үзэсгэлэнтэй байдаг.

среда, 18 января 2012 г.

Энэтхэг-Аджантын ханын зураг







Энэтхэг-Аджантын ханын зураг

320 оноос VI зуун хооронд энэтхэгт агуйн уран барилга улам хөгжсөн. Үүний тод жишээ бол уран барилга, уран баримал, уран зургийн гайхамшигт нэгдлийг илтгэсэн Аджантын чайтья буюу агуйн цогцолбор юм. Аджантын цогцолбор нь 5ш чайтья, 24ш вихар (лам нарын байрладаг байр)-аас бүрдэнэ. Үүдний хэсэг (фасад) –ийг баримлаар чимэглэж өгсөн. Өмнөх үеийн чайтьягийн чимэглэлийг бодвол хөдөлгөөн чөлөөтэй ур хийц сайтай болсон. Гол хаалганы дэргэд могойн хаан, хатан хоёрын баримал байдаг. Аджантын хадны агуйн цогцолбор нь юуны өмнө өөрийн уран зургаараа алдаршсан. Агуйн ханын зургууд агуулгаараа нарийн төвөгтэй бөгөөд олон хүнтэй зохиомжтой боловч алслалт байхгүй, ялигүй тэмдэглэгдсэн эзэлхүүн, зураас, өнгө, хэмнэлээрээ цогц байдлыг бүрэлдүүлнэ. Өнгө будаг нь тийм олон янз бус ч эсрэг тэсрэгийн баялаг зохицлоороо ер бусын сэтгэгдэл төрүүлдэг. Агуйн зураг нь харанхуйд гэрэлтэж байдаг. Цогцолборт хүний амьдралын зовлон зүдгүүр, үлгэр домог, хийсвэр амьдралын тухай, буддагийн амьдрал, гоёмсог барилга байгууламжийг дүрсэлсэн байдаг. Адраар нь шувууд, маш гоёмсог сайхан цэцэгнүүд ногоон зүлгэн дунд байх бөгөөд бурхад, хүн, амьтад бүгд их уянгын аястай, эх дэлхий байгалиа хайрласан байдаг.

Готик-Реймсийн сүм




Готик-Реймсийн сүм

XIII-XIY зуун дундад зууны үеийн урлагийн хөгжлийн ид цэцэглэлтийн үе байлаа.

Ер нь готик урлаг нь хоттой нягт холбоотой. Хотын амьдрал нь шинэ шинэ барилга төрөн гарахад их түлхэц болдог. XII зууны сүүл үеэс Франц нь европын соёл, боловсролын төв болж өгч байлаа. Энэ үеэс барилгын гол төрөл нь хийдийн барилга биш хотын сүм дуганын хийц зонхилох болов. Готик хийцийн уран барилга нь роман хийцийг бодвол их гоё дэгжин, өндөр, их багтаамжтай, тэнгэр шөвгөдсөн шовх оройтой барилга юм.

Улс бүхэнд готик хийц нь өөр өөрсдийн онцлогтой байдаг. Францад готик хийцийн барилга нь тодорхой пропорцтой, уран нарийн хийцтэй, тэгш хэмийн зохиомжтой. Готик хийцийн сонгодог хэлбэрт Реймсийн сүм орно. Реймийн сүм нь 1211-1330 оны хооронд баригдсан. Баруун талдаа 3 том хаалгатай, хаалганы дээд талд витраж бүхий сарнай цэцгэн хэлбэрт цонхтой. Оройдоо ижил хоёр өндөр хонхот цамхагтай. Аврага том сүм маань 150 м урттай, 80 м өндөртэй хэдий ч, хаалга цонхны хэлбэр нь шовх, дээшээ тэмүүлсэн байдаг тул уг сүм маань маш хөнгөн тэнгэр баганадсан харагдаж чаддаг. Реймсийн сүм нь баялаг рельеф, баримлаар чимэглэгдсэн байдаг. Түүнийг уран баримлын хаанчлал гэж нэрлэдэг нь зүйн хэрэг юм. Зөвхөн үүдний хэсэгт л гэхэд мянган баримал байдаг. Дундад зууны уран барилгачид шашны үзэл санааг илэрхийлэн сүсэгтэн олныг бишрүүлж, айлган сүрдүүлэх зорилгоор барилгын хана туургыг рельеф баримлаар чимэглэж өгдөг байв.

Энэтхэг-Санчи суврага



Энэтхэг-Санчи суврага

Мэө 321 онд ганга мөрний сав газарт энэтхэгийн анхны нэгдсэн улс бий болсон. Энэ үед ордон байшинг голдуу модоор, харин сүм дуганыг чулуугаар хийж байлаа.Энэ үеэс буддад зориулсан олон тооны барилга байгууламж барьж эхэлсний дотор гурван төрлийн байгууламж хамгийн их дэлгэрсэн байна.

А. Стамбхи- бурхан багшийн сургаалыг сийлсэн баганууд

Б. Суврага- буддын ариун их үйлсэд зориулсан дурсгалын хөшөө (ариун нандин шүтээн нь оршино)

В. Чайтья- хадан сүм дуган. Энэ нь буддын даянчилж байсныг илтгэнэ.

Суврага нь маш том хагас дугуй хэлбэртэй, гадуураа чулуу юмуу туйпуугаар өнгөлөгдсөн байдаг.

МөэIII-I зуунд барьсан Санчи суврага нь хамгийн эртний суврагын нэг ба уг суврага нь 32,3 м голчтой, хөмрүүлсэн аяга хэлбэртэй цул байгууламж юм. Орой дээр нь бурхан багшийн нандин шүтээн оршиж байдаг гэж үздэг. Энэтхэгт сүм хийдүүд ба суврагуудынхаа гадуур хашаа хороо босгох заншилтай байсан. Хашаа ба тэдгээрийн хаалга рельефээр баялаг чимэглэгдсэн. Санчи суврага нь 4 зүг харсан хаалгатай бөгөөд хаалга болгон дээр амьтад, ахуйн эд зүйлс, ургамлын дүрст хээ угалз давамгайлна. Ялангуяа Санчи суврагын хаалганы чимэг болсон үржил шимт хөрсний бурхан Якши-ны дүр маш онцгой гоёмсог байдаг. Бурханы нүцгэн бие уран эвсэг хөдөлж, гар нь модны өтгөн навчист шингэжээ. Хөдөлгөөн нь хөнгөн уян хийгээд бие нь чөлөөтэй элдэв маяггүй. Эмэгтэй хүний гоо сайхныг зузаан гуя хас, биеийн хэлбэрээр онцгойлон илэрхийлсэн байдаг.

Сан-Равенна-гийн мозайка.










Сан-Равенна-гийн мозайка.
Византийн уран барилгачид сүмийн багтаамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарсны хүчинд урт танхимуудтай, “базилика” загварыг нийтлэг ашиглах болжээ. Базилика нь сунасан тэгш өнцөгт хэлбэрийн танхимтай байгууламж бөгөөд тэр нь багануудын тусламжтайгаар уртаашаа “неф” хэмээн нэрлэгдэх сондгой тоо бүхий өрөөгөөр тусгаарлагдана. Голын неф нь хажуугийн нефээс ямагт өндөр байдаг. Сүмийн дотор талыг чимэглэх үйл явцтай уялдан шашны урлагийн шинэ зарчим бүрэлдэв. Библийн сургаалд бурхан дүрслэл үндэслэгдэж, хана, таазны зургуудад биелэлээ оллоо. Тэдгээрт бурхдын бие цогцос, нүүр царай, хувцас эдлэлийг нарийн чанд дүрэмтэй дүрслэх ба байрлал нь ч хатуу дэгээр хязгаарлагдана. Энэ үеийн монументаль уран зургийн гол арга ажиллагаа чулуун шигтгэмэл байлаа. Өнгө бүрийн чулууг олзворлож, үлэмж тансаг сайхныг бүтээж байсны үр дүнд чулуун шигтгэмэл буюу мозайкийн урлаг улам боловсронгуй болсон. Гурван нефтэй Сан Равеннагийн сүмийн (6 зуун) хануудыг Христийн амьдралаас өгүүлсэн чулуун шигтгэмэл зургаар чимэглэсэн байна. Уг сүм нь 3 нефтэй бөгөөд голын неф нь хажуугийн нефээс өндөр тул түүний цонхнууд нь ханын зургуудыг сайтар гэрэлтүүлнэ. Тэдгээрийн дундаас дээдсийн амьдралыг харуулсан “Юстиниан хаан шадар туслахуудын хамт”, “ Хатан хаан Феодора ойр дотны хүмүүсийн дунд” гэсэн бүлэг хөргүүд ур хийцээрээ гайхуулдаг. Уг чулуун шигтгэмэл бүтээлд сүмд өргөл өгч буй хүмүүсийг үзүүлсэн байна. Юстиниан хаан византийн сүм хийдийг аливаа татвараас чөлөөлж, газар болон хөрөнгө олгосон өгөөмөр сэтгэлийг харуулах үүднээс хаан, хатан хоёрын гарт том алтан аяга бариулжээ. Элбэг хувцсаар далдлагдсан хүмүүсийн бие ижил мэт харагдавч нарийн ажиглаваас хүн бүрийн гадаад болон дотоод онцлог шинжүүд тод илэрнэ.

Японы чулуун цэцэрлэг


Японы чулуун цэцэрлэг

14-15 зууны японы уран барилгад Зэн буддын (бясалгал) сургаалтай холбогдон шинэ амьсгал орж иржээ. Энэ номлолын дагуу байгальд зөвхөн цэнгээд зогсохгүй түүнээс ертөнцийн байгуулалтын ерөнхий хуулиудыг олж харах гэж эрмэлзэх болов. Зэнгийн сургаал ёсоор байгаль өөрөө “ будда багшийн бие” бөгөөд төгс төгөлдөр цогцос хэмээн тооцогддог. Байгальтай харьцсанаар үнэн ба гэгээрэлд хүрэх замыг олж болох аж. Зэнгийн сүм хийдүүдийн чухал шинэлэг зүйл нь онцгой бэлгэдэл болох цэцэрлэгжүүлэлттэй болсон явдал болно. Ийм цэцэрлэгийг жижгэвтэр талбай дээр боловч бясалгагч хүнд алс тэртээг санагдуулсан уудам орон зайн сэтгэгдэл төрүүлэхээр мод, бут, чулуугаар байгуулна. Зэнгийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцэглэж байгаа ургамлууд ерөнхийдөө байдаггүй. Ийм цэцэрлэгийн зохиомж нь хэмжээ болон хэлбэрээр нь нямбай сонгож авсан байгалийн дүрслэлүүд юм. Тухайлбал, усыг жинхэнэ хүрхрээ юм уу, эсвэл горхи шоржигнон урсаж байгаа мэтээр, түүнчлэн ямар нэг тогтоцыг санагдуулам элс хайргаар бүтээдэг ажээ.

Зэнгийн хамгийн алдартай цэцэрлэгт мандал Киото хотод байдаг. 15-р зууны хоёрдугаар хагаст бүтээсэн Рёанзи цэцэрлэгт мандал бол цагаан хайргаар хучигдсан тэгш өнцөгт талбай (19х23) юм. Түүн дээр тав, хоёр, гурав, хоёр , гурав гэсэн тоогоор чулуунуудыг хэсэг хэсгээр бөөгнөрүүлэн байрлуулсан байна. Бүгд арван таван чулуу байдаг. Хэсэг бүр өтгөн ногоон хөвдөөр хүрээлэгдэнэ. Саравчтай тагтны аль нэг цэгээс цэцэрлэгийг харж бясалгахад зөвхөн арван дөрвөн чулуу л үзэгдэх бөгөөд энэ нь гадаад энгийн байдлын дотор ямар нэгэн ер бусын бөгөөд далд зүйл агуулагдан байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэдийгээр цэцэрлэгт цаг хугацааг өөрчлөгч ямарч зүйл байхгүй боловч жилийн улирал болгонд төдийгүй өдөр тутам янз бүр байдаг.

Бээжин хотын Гугун ордон



Бээжин хотын уран барилгын гайхамшигт бүтээлийн тоонд Гугун сүм буюу Хаалттай хот зүй ёсоор ордог. Гугун сүм нь гадаад, дотоод, хааны, хаалттай гэсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд уг байгууламж нь тэгш хэмтэй, нэг тэнхлэгийн дагуу баригдсан, амьд байгаль болон ордон, сүм, гүүр, сүүдрэвч, театрын барилгуудаас бүрдсэн бүхэл бүтэн цогцолбор юм.

Уг хотхон нь 13-р зууны үеэс бий болсон ба Гугун буюу Эртний ордон гэж бас нэрлэгддэг. Энэ хаалттай хотын бүх хана нь улаан өнгөтэй учир улаан хот гэж бас нэрлэдэг байна. Хаалттай хотыг тойруулан барьсан хэрэмний өргөн 10 метр болохоор хоёр морин тэрэг чөлөөтэй зөрж гарч болно. Хотын дөрвөн өнцөгт өвөрмөц сонин хэлбэртэй цамхагууд байдаг. Хаалттай хотхонд ороход их өвөрмөц ба гадаад, дотоод сүмүүдийг холбосон олон хаалгаар нэвтрэх ордог. Ингэснээр дэс дараалан элдэв саад даван туулан хааны ордонд хүрч байгаа сэтгэгдэл төрөхөөр зохиомжлон уг байгууламжийг барьсан байдаг.

Хаалттай хотын талбай нь 1420 онд барьсан сүрлэг Умэнь гулдан хаалганаас эхлэх хийгээд түүгээр ормогц цэргийн жагсаал зохион байгуулдаг уртасган сунгасан гоёмсог талбай байна. Умэнь Тайхэмэнь гулдан хаалгануудын хоорондох талбай дундуур хоёр эргийг нь цагаан гантиган хавтангаар бүрсэн Хас чулуун бүслүүр хэмээх суваг бий. Суваг дээгүүр тавьсан таван гантиган гүүр нь күнзийн сургаалын таван сайн үйлийн бэлэгдэл ажээ. Хаалттай хотын уран барилгын цогцолбор нь тэнгэрээс гаралтай хааны сүр хүч түүний эрх дарх хязгааргүй, маргашгүй болохыг илтгэх ажээ. Хааны сүрлэг ордонгуудын дээвэр нь алтадмал юм. Хаалттай хотхоны гол тэнхлэгийн урт нь бараг 2 км түүний хамгийн захад Юйхуаюан хааны цэцэрлэг оршино. Хааны цэцэрлэгт хятад улсын өнцөг булан бүрээс цуглуулж авчирсан элдэв хэлбэрийн , чамин гоё өнгийн чулууны цуглуулгыг гантиган суурь дээр байрлуулсан байдаг.